Танилцуулга

Танилцуулга

Нутаг дэвсгэр :                       55.3 мянган км.кв
Далайн түвшнээс дээш :      2414 м / дунджаар /
Хамгийн өндөр цэг :              3539 м / Харлагтайн сарьдаг /
Хамгийн нам цэг :                  1290 м / Орхон-Тамирын бэлчир /
 Аймгийн төв :              Цэцэрлэг хот / Эрдэнэбулган сум / .Улаанбаатар хотоос 480 км.
Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 м өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ.
             Тус аймгийн нутагт Суварга хайрхан, Цогт сүмбэр, Хутаг, Гялгар, Харлагтай, Хан өндөр, Баянбайшир, Дулаан хан, Бүрэн хан, Ноён хангай, Халзан Бүрэгтэй зэрэг өндөр уулс, Бөхөн шар, Чингэлтэй, Тарвагатай, Бугат, Хичгэнэ, Тамирын өвч битүү ой тайгаар хучигдсан уул нурууд, Тамч, Тонгорго, Хөл сая, Хайрхан, Замт, Эг, Загастай, Хилзах, Согоот, Солонгот, Бумбат, Цагаан даваа зэрэг алдарт их даваанууд, Хонгорж, Тоглох, Хөшиг, Өгийн уудам тал, Хаалга, Мандах, Хануй, Хүнүй, Хөшөөт, Цайдам, Донгойн өргөн хөндийнүүд байдаг.
             Хөрсний бүтэц нь их төлөв ойт уулсын саарал, хар шороон хөрс, уулын хар хүрэн хөрс, уулын ам хөндийн хар бараан хөрстэй хослосон хүрэн, хар хүрэн хөрс, нилээд хэсгийг тал хээрийн хүрэн, цайвар хүрэн хөрс, нуга, намгийн хар хөрс, багахан хэсгийг, уулын хяр хад, асга, цасан дорх хөрс ялимгүй хэсгийг эзлэнэ.
Аймгийн бүх нутгийн 70.7 хувийг малын бэлчээр, 1.8 хувийг хадлангийн талбай, 0.6 хувийг тариалангийн талбай, 15.7 хувийг ой мод тус тус эзэлдэг. Энд хуш, гацуур, хар мод, хус, улиас, хайлаас, бургас зэрэг шилмүүст, навчит мод, буриагуул, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, тавилгана, монос, шар мод, далан хайлс, жимст модод зэрэг 50 гаруй төрлийн модлог бут ургамал ургадаг юм. Мөн бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаа, поврон зэрэг цайны ургамал, улаалзгана, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг олон төрлийн жимс, жимсгэнэ, гичгэнэ, тарна, сонгино, халиар, мангина, хүнхээл, зэрлэг жууцай, янз бүрийн гогод, хүмүүл, таана зэрэг хүнсний аминдэмт ургамал арвин их бий.
 Архангайн нутагт алтан хундага, бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, царван, вансэмбэрүү, ванжингярваа, мягмансанжаа, хунчир, монгол туйплан, олон янзын дэгд зэрэг 200 шахам нэр төрлийн эмийн ургамал, банздоо, хөвөн оройт, мөөг, самар зэрэг хүнсний болон бусад чухал ургамал ургадаг. Үүний хамт арц, даль, агь, ганга гэх зэрэг таван төрлийн үнэртэн бүх нутагт байна. Зуны улиралд жамьянмядаг, сэржмядаг, яргуй, удвал, улаалзай, алтан зул, намуу, сарнай, цээний ягаан, цагаан лабай, бэр цэцэг, багваахай цэцэг өнгө жигдэрч байх нь үзэж ханашгүй сонин байдаг билээ.

No comments

Powered by Blogger.